АШУҮИС-ийн НЭМС, Зүүн Финландын Их Сургуулийн хамтран бичсэн төсөл Европын холбооны “Erasmus global mobility” хөтөлбөрт шалгарлаа. Төслийн гэрээнд АШУҮИС-ийн Ректор Б. Дамдиндорж, Зүүн Финландын Их Сургуулийн Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирал Вели-Матти Косма нар гарын үсэг зурсанаар албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Төсөл 3 жил үргэлжлэх бөгөөд “Нийгмийн Эрүүл Мэнд”, “Эрүүл Мэндийн Эдийн Засаг”-ийн бакалаврын ангийн оюутнууд Зүүн Финландын Их Сургууль дээр суралцаж Зүүн Финландын Их Сургуулийн нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн эдийн засаг болон бусад мэргэжлийн хичээлүүдийг судлах боломж олгож байна. Мөн НЭМС-ийн багш нар Зүүн Финландын Их Сургуульд очиж хичээл заан, судалгааны ажил хийхээс гадна Зүүн Финландын Их Сургуулиас багш оюутнууд ирж харилцан суралцаж, туршлага солилцох юм. Төсөлд хамрагдах оюутнууд сар бүр тэтгэлэг авах бөгөөд хоёр улсын хооронд зорчих замын зардал, сургалтын төлбөрийг төслөөс хариуцна.
Зүүн Финландын Их Сургуулийн Нийтийн эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн эдийн засгийн дэд профессор Д.Жавхланбаяр, доктор Б.Энхжаргал нар энэхүү төслийг санаачилж, АШУҮИС-ийн НЭМС, НЭМХ, Зүүн Финландын Их Сургуультай хамтран “Erasmus global mobility” төслийг 2019-2022 онд хэрэгжүүлсэн туршлагатай билээ.