Мэндчилгээ

Д.Даваалхам

Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, профессор

Эрхэм хүндэт танд АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн нэг Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулиа төлөөлөн мэндчилгээ дэвшүүлж байгаадаа таатай байна.Манай сургууль анх 1956 онд Эрүүл ахуйн тэнхим нэртэйгээр үүсгэн байгуулагдсан ба 2002 онд Нийгмийн Эрүүл мэндийн сургууль (НЭМС) болон бүтэц, үйл ажиллагаа нь өргөжиж, эдүгээ 6 тэнхим, 1 институт, 3 лаборатори, 4 төв бүхий сургалт, судалгаа, мэргэжлийн цогц үйл ажиллагаа бүхий сургууль болжээ. Тус сургуульд нийгмийн эрүүл мэнд судлал, хөдөлмөр орчны эрүүл мэнд, хүүхэд, хүнсний эрүүл мэнд, тархвар судлал, биостатистик, эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухаан, эдийн засаг гэсэн 8 профессорын багт 50 багш ажиллаж байна.

Монгол Улсын Төрөөс Эрүүл Мэндийн талаар баримтлах бодлого болон Эрүүл Мэндийн тухай хуульд Нийгмийн Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэл хэмээн заасан байдаг. НЭМС нь үндэсний хэмжээнд Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг ууган бөгөөд цорын ганц сургуулийн хувьд эх орны эрэлт хэрэгцээнд нийцсэн, олон улсын түвшинд хүрэхүйц мэдлэг, ур чадвар бүхий  мэргэжилтэнг бэлтгэх өндөр үүрэг хариуцлага ноогддог билээ. Эдүгээ манай төгсөлтийн өмнөх сургалтанд 3 мэргэжлээр 500 гаруй оюутан, докторантур, магистрантурын сургалтанд 160 оюутан, төгсөлтийн дараах сургалтанд 10 гаруй чиглэлээр 130 оюутан суралцаж байгаа бөгөөд 2019 оноос бакалаврын 2 шинэ мэргэжлийн сургалтыг эхлүүлж, цаашид мөн сургалтын чиглэл, цар хүрээг үе шаттайгаар өргөжүүлэхээр төлөвлөж байна.

НЭМС нь олон улсын гадаад харилцаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаараа АШУҮИС-д манлайлдаг бөгөөд 2018 оны байдлаар 15 орны 30 гаруй их дээд сургууль, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, дотоод гадаадын санхүүжилттэй 22 төслийг хэрэгжүүлэн, нэг багшид ноогдох эрдэм шинжилгээний төсөл, бүтээлийн тоо, чанарыг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Энэ нь АШУҮИС-ийн Ази, номхон далайн баруун бүсийн анагаахын шилдэг 100 сургуулийн нэг болох зорилтыг биелүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Монгол улсын төрөөс баримтлах, хүн амын бодлого чиглэл, эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааны өсөн нэмэгдэж байгаа нэн тэргүүний хэрэгцээ шаардлагын дагуу бид чанарын менежментийн тогтолцоог сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн Монгол улсын Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаараа тэргүүлэгч чанартай боловсон хүчин бэлтгэхээр чармайн ажиллаж байна.

 

  Монгол хүн бүр эрүүл, урт наслах болтугай.