АШУҮИС нь барилга байгууламж материаллаг нөөцийн хувьд сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг хэвийн явуулах, суралцаж буй оюутан, резидент, магистрант, докторант, мэргэжил дээшлүүлж буй мэргэжилтний бие дааж суралцах, эрдэмтэн багш нарын сургалтын үйл ажиллагааг ая тухтай нөхцөлд явуулах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллаж байна.
Хичээлийн нийт өрөөний 70% нь нэг оюутанд ногдох талбайн нормыг хангасан ба хичээлийн нийт өрөөнүүд сургалтын байранд тавигдах эрүүл ахуйн бусад үзүүлэлтийг (гэрэлтүүлэг, чийглэг, температур) бүрэн хангасан байдаг. Мэргэшүүлэх хичээлийн суудлын тоо 15-22, нэг оюутанд ногдох талбай 2-2.2м2 байсан.
Хичээлийн өрөө нь 15-37 суудалтай. Нэг оюутанд ногдох 1-2.85м2 ба мэргэшүүлэх чиглэлээр бага бүлгээр хичээллэх оюутны тоо 15-аас ихгүй байдаг. Компьютер дээр суурилсан дадлагын хичээл явуулахад оюутан компьютер дээр ажиллах боломж нөхцлөөр хангагдсан бөгөөд нэг ангид 20-оос ихгүй оюутан, суудлын тоо нь 22 байгаа нь БСШУЯ-ны сайдын 2014 оны 74 тоот тушаалын хавсралтын заалтыг бүрэн хангасан бол 2012, 2013 онд мэргэшүүлэх хичээлийн дадлага явуулах лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, өрөө тасалгааг тохижуулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Одоо АШҮУИС нь 3200 суудал бүхий хичээлийн 3 байр, 1200 оюутан амьдрах хүчин чадалтай оюутны 3 байр, амралтын цогцолбор 2 зэрэг үндсэн барилга байгууламжтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Нийт хичээлийн байруудын барилгын ашигтай талбай 24942 м2, сургуулийн түшиц эмнэлэг, клиник дээр байгаа хичээлийн өрөөнүүдийн талбай 3240м2, бүгд 28182м2 байгаа бөгөөд 1 суралцагчид 3,2м2 талбай ноогдож байгаа нь “Олон нийт, иргэний барилга БНбД 31-03-03” дүрмийн 2.7 дахь заалтыг хангаж байна.
Мөн оюутны http://elearning.mnums.edu.mn/ цахим системд ерөнхий суурь хичээл, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийн лекцүүд дижитал аудио болон видео дүрс хэлбэрээр хүргэдэг.
Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн оюутнууд суурь дамжааны эхний 1, 2 дахь жилдээ ерөнхий суурь хичээлийг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийг түшиглэн суралцдаг. Энэ сургалтын хүрээнд бичил амь дархлаа судлал, эрүүл зүйн микробиологи, гистологи, анатоми, биохими зэрэг хичээлийг тухайн хичээлийн лаборатори, сургалтын кабинетуудад судлан мэдлэг, ур чадвар эзэмшдэг. Дотрын өвчин судлал, Халдварт өвчин судлал, Яаралтай тусламж хичээлийн дадлага сургалт явуулахад АШУҮИС-ийн харьяа эмнэлгүүд болон эмнэлзүйн ур чадварын төвийг түшиглэдэг. Мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийг сургалтын хүрээнд НЭМС-ийн 14 хичээлийн танхим, компьютерийн 2 лаборатори болон Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лаборатори, Шим тэжээл судлал, хоол үйлдвэрлэлийн лаборатори болон гэрээт байгууллагуудыг түшиглэн суралцдаг. Хөтөлбөрийн дадлага хичээл явагддаг лаборатори, танхимууд нь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах агааржуулалт, хорт бодисоос хамгаалах татах шүүгээ, тусгаарлах хаалт зэрэг зориулалтын хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлдэг. Компьютерийн лаборатори нь лиценз бүхий SPSS21, STATA12 статистик программаар хангагдсан. Мөн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн дараах лаборотори, төвүүд нь сургалтын томоохон бааз болдог.
Хөдөлмөр, Орчны Эрүүл Ахуйн Лаборатори (ХОЭАЛ) нь эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг АШУҮИС-ийн НЭМС, НЭМХ-ийн бүрэлдэхүүн нэгж юм. Үндэсний Итгэмжлэлийн Төвөөс MNS ISO17025:2017 стандартаар 2022-2025 он хүртэл итгэмжилсэн. Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лаборатори АШУҮИС дээр хэрэгждэг хөдөлмөрийн эрүүл ахуй, орчны эрүүл ахуйн сургалт, судалгааны түшиц бааз юм. Түүнчлэн тус лаборатори нь аж ахуйн нэгж байгууллагуудад лабораторийн шинжилгээ, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, эрүүл ахуйн хэмжилтийн үйлчилгээг үзүүлдэг. Сүүлийн жилүүдэд үйлдвэржилт, хотжилттой холбоотойгоор ажлын байр, орчноос хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. ХОЭАЛ-ийн зорилго нь хүн амын эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар ажлын байр, орчны сөрөг нөлөөллөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмэр оруулахад чиглэнэ. НЭМС-ийн Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглан ажлын байрны агаар дахь цулцанд нэвтэрдэг, нийт тоосыг хувь хүний амьсгалын түвшинд тодорхойлох, тоосонд цахиур тодорхойлох, цусанд хартугалга тодорхойлох түргэвчилсэн аргыг МУ-д мөрдөж буй стандартын дагуу хийж гүйцэтгэх ур чадварыг эзэмшинэ. Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лабораторийг түшиглэн АШУҮИС дээр явагдаж байгаа хөдөлмөр, орчин, хүнсний эрүүл ахуйн сургалт, судалгааны ажлууд явагдаж байна. НЭМС нь Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лабораторид хөрөнгө оруулалт хийж, хэмжилт шинжилгээний чадавхийг нэмэгдүүлж, 2016 онд ОУ-ын ISO 17025 стандартаар итгэмжлүүлсэн. Тухайлбал 2015 онд 80 сая, 2016 онд 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт шинжилгээнүүдийг олон улсын жишигт нийцсэн аргачлалаар хийж байна.
2021 онд Сөүлийн Үндэсний Их сургуулийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан. Шим тэжээл судлал, Хоол үйлдвэрлэлийн Лаборатори (ШТСХҮЛ) нь төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалт, эрдэм шинжилгээ, туршилт, судалгаа, мэргэжлийн болон олон нийтэд чиглэсэн ажиллагаа явуулдаг АШУҮИС-ийн НЭМС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн бүрэлдэхүүн нэгж юм. Хүнсний эрүүл ахуй, хоол тэжээл хөтөлбөрийг судлах сургалтын лабораторийг АХБ-ны “Хоол тэжээл” төсөл, БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн тусламжтайгаар 100,000 долларын хөрөнгө оруулалтаар тохижуулан 20 гаруй тоног төхөөрөмж шинээр аван сургалтанд ашиглаж байна. Уг лабораторид (47 м2 талбайтай) спекторфотометр, калориметр багажуудыг суурилуулан сургалтанд хүнсний бүтээгдэхүүний илчлэг, пестицидийн үлдэгдэл, нитрат, нитрит, ронгалит, формальдегид, хүхрийн диоксидыг тодорхойлох шинжилгээ хийж байна.
2003 онд Доктор магистрантурын албатай хамтран “Судалгааны арга зүйн төв” нэртэйгээр байгуулагдсан. 2009 оны 10 сард “Эрүүл мэндийн судалгааны арга зүй, сургалтын төв” нэртэйгээр шинэчлэгдэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус төвийн техник тоног төхөөрөмж шинэчлэгдэж, ном гарын авлага, статистик боловсруулалтын программуудыг ашиглах болсноор төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн хөтөлбөрийн оюутнуудын сурах, бие даан ажиллах таатай орчин бүрдсэн. ЭМСАЗТ-ийн үйл ажиллагаа өргөжин магистрант докторантуудыг судалгааны арга зүйд сургах, мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Эрүүл мэндийн судалгааны арга зүй, сургалтын төв нь 2021 оноос АШУҮИС-ийн харьяа Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн байгуулагдсантай холбоотой АНУ-ын Лома Линдагийн Их Сургуулийн хөрөнгө оруулалтаар “Эрүүл мэндийн статистик ба газарзүйн мэдээллийн төв” болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Тус төвийн тоног төхөөрөмж шинэчлэгдэн Apple Macbook нэр бүхий хурд, багтаамж сайтай 26 компьютероор тоноглогдож байгаагаас гадна статистик боловсруулалтын Stata, IC, SPSS, R, Rstudio, ArcGIS зэрэг программуудыг судалгааны ажилдаа ашиглах бүрэн боломжтой болсон.
2012 онд Нийгмийн ажлын зөвлөгөө мэдээллийн төв нэртэйгээр Глобаль сангийн дэмжлэгтэйгээр анх байгуулагдсан. 2022 оноос төвийн үйл ажиллагааг эрүүл мэндийн зан үйл, нийгэм, сэтгэл зүйн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх, олон нийтэд зориулсан нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг НЭМХ-ийн нэгж байхаар өргөжүүлсэн. Одоогоор ёсзүй, ажлын байрны стресс, зан үйлийн чиглэлээр дунд ба богино хугацааны сургалт хийхээс гадна зан үйлийг өөрчлөх интервенц, төслийг хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн бодлого, интервенци, эрүүл мэндийн тогтолцоо, эрүүл мэндийн санхүүжилт, ЭМТҮ-ний чанар, аюулгүй байдал, эмнэлгийн менежмент, тусламж үйлчилгээний өртөг зардал зэрэг чиглэлээр судалгааны ажил хийдэг. Мөн эрүүл мэндийн удирдлагын богино болон дунд хугацааны мэргэшүүлэх сургалтуудыг дараах чиглэлүүдээр зохион байгуулдаг. Эмнэлгийн стартеги төлөвлөлт хийх, эмнэлгийн үйл ажиллагааны болон бизнес төлөвлөгөө, гүйцэтгэлийн үнэлгээ зэрэг чиглэлээр зөвлөн туслах, үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүл мэндийн бодлогын нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.