ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЭНХИМ

Бидний тухай

Орчны эрүүл мэндийн тэнхим нь АШУҮИС-ийн хөгжлийн бодлого, зорилтод нийцсэн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр орчин үеийн сургалтын орчин бүрдүүлэх, нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуй, тархвар судлал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр дэлхийн стандарт, орчин үеийн чиг хандлага, өнөөгийн нийгмийн шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэж байна. Орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр бакалавр, магистр, төгсөлтийн дараах түвшний сургалтуудыг эрхэлдэг.

Нийгмийн эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, эрүүл ахуй, тархвар судлал, анагаахын болон сувилахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад эрүүл ахуй, орчин, хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээ, хор судлал, цацрагийн эрүүл ахуй зэрэг сэдвээр төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтуудыг явуулдаг.

Тэнхимийн дэргэд MNS ISO 17025:2018 стандартаар итгэмжлэгдсэн Хөдөлмөр, Орчны Эрүүл Ахуйн Лаборатори ажиллаж байна.

Багшлах бүрэлдэхүүн 

Орчны эрүүл мэндийн тэнхим нь дэд профессор 2, докторын зэрэгтэй 2, магистрын зэрэгтэй 6 багштай

Төгсөлтийн өмнөх сургалт

  • Эрүүл ахуй, тархвар судлал индекс 102101

Эрүүл ахуй, тархвар судлал чиглэлээр оюутан төвтэй, чадамжид суурилсан сургалтаар хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчноос шалтгаалан эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг тандах урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар, мэргэжлийн ёс зүй, хандлага төлөвшсөн “Эрүүл ахуй, тархвар судлал” мэргэжилтэн бэлтгэх 165 багц цагийн багтаамж бүхий бакалаврын түвшний боловсрол эзэмшүүлэх өдрийн сургалтын цогц баримт бичиг юм.     

  • Нийгмийн эрүүл мэнд судлалч индекс 098801

Нийгмийн эрүүл мэнд чиглэлээр оюутан төвтэй, чадамжид суурилсан сургалтаар хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчноос шалтгаалан эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг тандах урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар, мэргэжлийн ёс зүй, хандлага төлөвшсөн “НЭМ судлаач” мэргэжилтэн бэлтгэж байна. 

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, индекс 102201

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлээр оюутан төвтэй, чадамжид суурилсан сургалтаар ажлын байран дахь үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгаан, түүнд нөлөөлөх хүчин зүйлсэд хяналт тавих, бууруулах замаар ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар, мэргэжлийн ёс зүй, хандлага төлөвшсөн “хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал” мэргэжилтэн бэлтгэж байна. 

Төгсөлтийн сургалт

  • Нийгмийн эрүүл мэнд, индекс Е09180101

Нийгмийн эрүүл мэнд магистрын сургалтын хөтөлбөрөөр “Хүн амын эрүүл мэнд, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тандан судлах, урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах интервенцийн арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, практик ач холбогдол, шинжлэх ухаанд шинэ мэдлэг бүтээх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна.

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, индекс E09180102 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төгсөлтийн сургалтын хөтөлбөрөөр  “Ажлын байрны аюултай зүйлсийг илрүүлэн таних, хэмжиж үнэлэх, тэдгээрийг бууруулах замаар ажилтнуудыг мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрийн ослоос хамгаалах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрдэм судалгааны ажил хийх, практик ач холбогдолтой, шинжлэх ухааны  нотолгоог бүрдүүлэх аргуудын талаар мэдлэг, чадвар, хандлагатай мэргэжилтэн  бэлтгэж байна.

Төгсөлтийн дараах сургалт

АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институт төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулдаг. Үүнд:

  • Хөдөлмөрийн эрүүл мэндийн үндэс 45 хоног

  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн олгох 6 сар

  • Орчны эрүүл мэнд 4 сар

  • Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлал 4 сар

Судалгааны чиглэл

  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, 

  • Орчны эрүүл мэнд,

  • Хөдөлмөрийн анагаах ухаан

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал

  • Орчны хор судлал

Тэнхимийн томоохон төслүүд

  • 2012 оноос Канад улсын Саймон Фрейзерийн их сургуультай хамтран "УГААР (Ulaanbaatar Gestation and Air pollution Research)-I, II, III" төсөл.

  • Усны аюулгүй байдлын төлөвлөгөө

  • Чихэрлэг ундаанд татвар ногдуулах эдийн засгийн тооцоолол

  • Хүүхдийн хар тугалгын эрсдэлийн үнэлгээ

  • Гадаад, дотоод орчны агаарын бохирдлын үнэлгээ

  • УБ хотын хүн амын агаарын бохирдлын талаарх МДХ-ын судалгаа

  • Хүн амын эрүүл мэндэд хүнд металлын нөлөөлөл биомониторингийн судалгаа

  • Ил уурхайн ажилчдын эрүүл мэндийн нөлөөлөл

  • Хүүхдийн байгууллагын орчны эрүүл ахуй

  • Эрүүл мэндийн байгууллагын эрсдлийн үнэлгээ

  • АНУ-ын NIH-ийн санхүүжилтээр Техасын Их Сургуулийн Анагаах Ухааны салбар, Дьюкийн Их Сургуультай хамтран “Орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн төв байгуулах” U01 төсөл, 2022-2027

Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лаборатори

Тэнхимийн дэргэд Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лаборатори ажиллаж байна. Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лаборатори нь 1976 онд Эрүүл ахуйн сургалт, судалгааны лабораторийн чиглэлээр байгуулагдсан. АШУҮИС-ийн НЭМХ-ийн нэг цөм лаборатори болж үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн судалгаа, шинжилгээ, сургалт, мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар ажлын байр, орчны сөрөг хүчин зүйлсийн нөлөөллөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмэр оруулахад чиглэнэ. Тус лаборатори нь MNS ISO/IEC 17025:2018 стандартаар 3 дахь удаагаа итгэмжлэгдсэн ба PM гравиметрийн/жингийн шинжилгээ (PM2.5, PM4.0, PM10, агаар дахь нийт тоосонцор), тоосонд цахиурын давхар исэл тодорхойлох шинжилгээ, шууд хэмжилтээр угаарын хий, нүүрсхүчлийн хий, шуугиан, доргион, агаарын чийгшил, агаарын температур, гэрэлтүүлэг тодорхойлдог.

Үйл ажиллагаа

●          Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ, эрүүл ахуйн хэмжилт

●          Лабораторийн үйлчилгээ

●          Эрдэм шинжилгээ

●          Мэргэжлийн сургалтууд

Бүтэц, бүрэлдэхүүн

Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лаборатори нь судалгаа, сургалт, мэргэжлийн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх түшиц бааз болдог. Хүний нөөцийг тэнхимийн багш нараас бүрдүүлэн ажиллаж байна. Нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй (орон тооны 2, орон тооны бус 6) ба үүнээс дэд профессор 1, докторант 6, магистр 2, магистрант 1 ажиллаж байна.

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН